G. Ariunjargal: CASHMERE is an opportunity to import DOLLARS without risk and on a regular basis
- 2022-07-05 06:48:57
Хүн бүр уул уурхай, мега төслүүдийн талаар ярьж байгаа энэ үед Монголчуудын хамгийн чухал экспортын бүтээгдэхүүн болох ноолуурын асуудлыг бид хөндлөө.
Монголын Ноос, Ноолуур Бэлтгэн Нийлүүлэгчдийн Холбоог үүсгэн байгуулагч, салбартаа олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан "Үлэмж кашмир" ХХК-ны дэд захирал Г.Ариунжаргалтай таныг уулзуулъя.
Тэрбээр саяхан Хонг Конгд болсон "Cashmere World" хэмээх дэлхийн ноолуурын салбарынхны нэгдсэн чуулганд уригдан оролцоод иржээ. Ингэхдээ анх удаа Монгол Улсаа төлөөлж Монголын ноолуурын зах зээлд тулгамдаж буй асуудал, онцлог, давуу сул талын тухай ярьсан байна.
Гэхдээ энэ талаар гадныханд яриад өнгөрөх нь хангалтгүй бөгөөд дотоодын үйлдвэрлэгч, хэрэглэгчид мэдэх ёстой асуудал билээ.r
-Та долоо хоногийн өмнө Хонг Конгд болсон “Cashmere World” арга хэмжээнд оролцоод ирсэн. Энэ ямар онцлогтой арга хэмжээ байдаг вэ?
-“Cashmere World” нь дэлхийн 20 гаруй орны төлөөлөгчид оролцдог, ноолуур худалдан авагч болон бэлтгэн нийлүүлэгч талыг нэгтгэсэн, UBM олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаас зохион байгуулдаг чуулган юм.
Мөн хувцас загварын салбарын төлөөлөгчдийг илүү их оролцуулдаг. Товчоор бол текстайлын салбарын худалдан авагч, худалдагч хоёрыг уулзуулах талбар.
Энэ удаагийн “Cashmere World”-д арав гаруй орны 40 компани, 400 худалдан авагчид очсон. Үзэсгэлэн ба форум гэсэн хоёр хэсгээс бүрдэж гурван өдрийн турш явагдаж, шилдгүүдээ шалгаруулан өндөрлөлөө. Форумд нь дэлхийн ноолуурын салбарын төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцож ноолуурыг тойрсон асуудлуудын талаар ярилцлаа.
-Манай улсаас энэ жил ямар бүрэлдэхүүнтэй оролцов?
-“Эрдэнэт”, “Алтай”, “Блю Скай”, “Үлэмж” кашмир гэж орсон. Гэхдээ бид хоорондоо холбоогүй байсан. Очсон хойноо ч сайн уулзаж чадаагүй. Яагаад гэхээр зорилго өөр. Бидний хувьд бэлтгэн нийлүүлэгч талаасаа оролцсон бол бусад нь эцсийн бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой байсан юм.
-Танайх форумд Монголын ноос ноолуурын салбарт тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар ярьсан гэж байна лээ. Тухайн үед яг ямар асуудлуудыг дэвшүүлж тавьсан бэ?
-Гадны хөрөнгө оруулагчид, худалдан авагчдын сонирхлыг татах үүднээс нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүнийг Монголын зах зээлээс экспортод гаргахад бидэнд байгаа давуу тал, тулгамдаж буй асуудал, Монголын Засгийн газрын хэрэгжүүлж буй уян хатан бодлогуудын талаар танилцуулсан.
Мөн Монгол ноолуур хэрхэн яаж бэлтгэгддэг, ямар үе шат дамждаг, газар зүйн байрлалаас хамаарч чанар харилцан адилгүй байдаг тухай ба ноолуурын борлуулалт, үйлдвэрлэл яаж явагддаг талаар мэргэжлийн талаас нь дэлгэрэнгүй материал бэлтгэн танилцуулсан.
Гол асуудал юу вэ гэхээр ноолуурын салбар төрөөс дэмжлэг авдаг хэдий ч үйлдвэрлэгчид маань гадны зах зээлд хангалттай борлуулалт хийдэггүйгээс энэхүү зах зээлд Хятадын хувь хүн, компаниуд монополь болчихсон бөгөөд жилдээ нийт түүхий ноолуурын 80 гаруй хувийг угаасан хэлбэрээр буюу хамгийн бага нэмүү өртөг шингэсэн хэлбэрээр экспортод гаргаж байна.
Тэдгээр Хятадын компаниуд Монголд албан ёсоор компаниа бүртгүүлдэггүй, хөрөнгө оруулалт хийдэггүй, Монгол компаний нэр дээр экспорт хийдэг бөгөөд тухайн компанид маш бага хэмжээний үйлчилгээний хөлс төлж, татваргүй ноолуурыг авч оддог. Тиймээс бид эхний ээлжинд дэлхийд эцсийн бүтээгдэхүүний зах зээлдэх байр сууриа өргөжүүлж, эцсийн бүтээгдэхүүний захиалгыг их хэмжээгээр авч бүх үйлдвэрүүдээ ажилтай байлгаж Хятад руу гарч байгаа урсгалыг багасгана. Аажмаар анхан шатны боловсруулалт дээр өндөр татвар тавих боломжтой болно.
Эцсийн бүтээгдэхүүн гэхээр заавал өөрсдөө брэнд гаргах тухай ойлголт биш, брэнд гаргах бол одоо хэт их цаг хугацаа, хөрөнгө зарцуулах асуудал. Эхний ээлжинд түүхий ноолуурынхаа ядаж 50 хувийг өөрсдөө үйлдвэрлээд зарчихдаг болохын тулд бөөний бүтээгдэхүүний захиалга авдаг болох хэрэгтэй байна. Энэ зах зээлд гадны худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг сонирхлыг татах, Хятадаас илүү Монголоос авах нь ямар давуу талтай талаар дэлгэрэнгүй ярьлаа.
"НООЛУУРЫН САЛБАР ТӨРӨӨС ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВЧ БАЙГАА"
-Монголын ноолуурын салбарын өнөөгийн байдал яг ямар байгаа юм бэ?
-Анхан шатны боловсруулалт хийдэг 20 гаруй үйдвэр, ноос ноолуурын эцсийн бүтээгдэхүүн хийдэг 200 гаруй жижиг дунд үйлдвэрүүд байна. Үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг Монголын зах зээлд зориулж гаргадаг.
Миний харж байгаагаар ноолуурын салбар Төрөөс их хэмжээний хөнгөлөлттэй зээл авч байгаа. Ийм хэцүү үед хамгийн их анхаарч байгаа салбар яах аргагүй ноолуур. Тэгэхээр төр муу ажиллаж байна гэж яримааргүй байна. Хамгийн гол нь энэ зах зээлийг бизнес хөгжил талаас нь харах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс их чухал.
Энэ бол их хэцүү асуудал. Юун түрүүнд захиалгаа авах, бодит борлуулалтаа төлөвлөх шаардлагатай. Дараа нь үүндээ тохирсон хөнгөлөлттэй зээлээ хүсэх хэрэгтэй. Зээл гэдэг зүгээр өгч байгаа мөнгө биш, асар их хөдөлмөр, өндөр эрсдэл үүний ард байдаг.
Гаднаас бага зэрэг захиалга авсан компаниуд нь түүн дээрээ л дэнжигнэж байна. 30-40 ажилтантай байсан компани өнөөдөр 3-4 ажилтантай болоод л байж байна. Энэ бол “Ноос ноолуурын холбоо” дээр саяхан яригдсан асуудал.
Томоохон үйлдвэрлэгчид нь маш их үлдэгдэлтэй, эргүүлээд 70 хувийн хямдрал зарлаж буйг бид харж байна. Ерөнхийдөө энэ зах зээл бараа бүтээгдэхүүний илүүдэлд орчихсон, бэлэн мөнгөгүй, гадагшаа зах зээл боогдмол байдалтай байгаа гэж ойлгож болно.
-Гадагшаа зах зээл боогдмол байгаагийн шалтгаан нь яг юу юм бол?
-Түрүүн хэлсэнчлэн худалдан авагчаа олохгүй байна. Хэнд зориулж, юу хийж байгаагаа төлөвлөхгүй байна. Гаднаас авч буй захиалга бага байна.
Хамгийн эхний ээлжинд “Cashmere World” шиг ийм экспог ашиглаад бид хаана яваа вэ, бидэнд ямар нөөц байна, энэ нөөцийг яаж ашиглаж болох вэ гэдгийг сайн олж харах хэрэгтэй.
Зөвхөн утсаа хийж зарах ёстой юм уу, эцсийн бүтээгдэхүүний бөөний нийлүүлэгч байх уу, эсвэл дэлхийн брэндүүдтэй өрсөлдөх үү гэдгээ сонгох, үүн дээрээ мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Экспорт хийж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь энэ гэж харж байгаа.
-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 200 гаруй компани байгаа. Тэд төрлөөрөө хуваагдах ёстой гэсэн үг үү. Ямар ямар төрлийн үйлдвэрлэл явуулж болох вэ?
-Бид энэ тал дээр адилхан түүхий эдтэй Хятадын үйлдвэрүүдийн арга барилаас суралцах хэрэгтэй. Тэд захиалгаа хамт авч, хамтран ажилладаг. Бэлтгэн нийлүүлэгч буюу анхан шатны боловсруулалтын үйлдвэр, утас ээрэх үйлдвэр,эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүд нэг бүрэлдэхүүнд орж ажиллана гэсэн үг.
Анхан шатны үйлдвэрүүд сайн ноолуураа самнавал утас сайн гарна. Тэгээд эцсийн бүтээгдэхүүний асуудал яригдана. Эцсийн бүтээгдэхүүнээ хийж байгаа үйлдвэрүүд нь түрүүн хэлсэнчлэн хэнд зориулж хийх вэ гэдгээ сайн мэдэж өндөр чадвартай дизайнертай байх чухал, ингэснээр хамгийн сайн бүтээгдэхүүн байж болох бага өртгөөр гарна.
Нэг ёсондоо кластер маягаар ажиллана гэсэн үг. Энэ талаар их ярьдаг ч яг авсан захиалга байхгүй болхоор өдийн хүртэл хэрэгжээгүй асуудал. Жилийн дөрвөн улирал кластераар ажиллана гэсэн үг биш, сул зогсолт хийхгүйн тулд бүтээгдэхүүнээ тус бүрдээ давхар экспортлох боломжтой. Сайн чанарын самнасан ноолуур авах захиалга ирж байна. Маш сайн утсыг ч мөн адил.
-Бэлтгэн нийлүүлэлтийн хувьд Монгол дэлхийд хоёрдугаарт ордог гэсэн. Тэгвэл Монголын ноолуур дэлхийд тийм хэмжээгээр танигдсан байж чадах уу. Үгүй бол асуудал нь яг юу вэ?
-Бэлтгэн нийлүүлэлтээрээ хоёрдугаарт ордог гэдэг нь Хятадын дараа ордог гэсэн үг. Хятадын ноолуураас манайх ялгаатай зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр нарийн, бүдүүн ширхэгийн асуудал. Манай ямаа хээрээр бэлчдэг, идэж байгаа ургамал нь өөр, цаг агаарын байдал эрс тэс гэдэг гурван шалтгаанаас болоод монгол ноолуур харьцангуй бүдүүн ширхэгтэй. Өөрөөр хэлбэл Хятадын ноолуур 15.5-16.5-тай байхад манайх 16.5-17.1 -тай байдаг. Хэмжээний хувьд Хятадын ноолуураас арай бага. Манайх жилд 7,000 тонныг бэлтгэдэг байхад тэд 11,000 мянган тонн гэх жишээтэй.
Бүдүүн ноолууртай байх нь бидний сул тал болох ёсгүй яагаад гэвэл манай ноолуур өөрийн гэсэн онцлогтой,өөрийн гэсэн зах зээлийн чадамжтай.
Хятадууд юу хийж байна вэ гэхээр монгол ноолуурыг бидний өмнөөс дэлхийд зарж байна. Хятад нь энэ, монгол нь энэ гээд санал болгож байна. Тэгээд монгол ноолуурыг бүдүүн гэдэг хэдий ч тэд нарийнтайгаа хольж хутгаад буцаагаад л бидэнд зарчихаж байгаа. Ганц манайд биш дэлхийн бүх оронд л зардаг юм байна. Силктэй холиод зарж байна, ноостой холиод зарж байна. Бүр цэврээр нь ч зарж байна.
-Ноолуур нь бүдүүн ширхэгтэй байхаараа эцсийн бүтээгдэхүүнийхээ чанарт хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Бүр нарийн загвартай, тансаг зэрэглэлийн юм хийхэд хэцүү байдаг гэж ярьдаг. Гэхдээ технологийн хурдацтай хөгжлийн энэ үед бүдүүн ноолуур сул тал болохгүй нь ойлгомжтой. Хятадууд ерөнхийдөө манай ноолуурыг бидний сэтгэхүйд суулгах гэж л ийм яриа гаргасан байх.
-Монголоос гадагшаа эцсийн бүтээгдэхүүн экспортолдог үйлдвэрүүд байгаа шүү дээ. Гадаадаас Монголд үйлдвэрлэсэн ноолууран цамц худалдаж аваад өмсөхөөр Монголоос авснаас хамаагүй илүү чанартай байдаг гэх яриа бий?
-Сайн утсаар хийхийн тулд сайн ноолуур самнах ёстой. Тэгэхээр жилд бэлтгэж байгаа 7,000 тонн ноолуур бүгд сайн биш. Тэгэхээр манай дотоодын үйлдвэрүүд сайн, дунд гэсэн хоёр янзын утсаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Тооцоод үзэхээр аргагүй Монголын зах зээлд дундаж үнээр зарж, гадны зах зээл дээр үнэтэй зарахаас өөр аргагүй болчихдог. Ерөнхийдөө нэмүү өртөг хаана илүү шингэж байна, тэнд илүү чанар явж байдаг. Ингэхгүй ч байхын аргагүй.
Яагаад Монголд ноолуур хямдхан, гадагшаа гарахаараа үнэтэй болдгийн учир энэ. Үнэхээр тансаг, гоёыг авмаар байгаа бол эндээс захиалаад авч болно. Зах зээлийн сегментчилэл угаасаа байх ёстой л доо.
-“Сashmere World”-д оролцоход манай ноолуурыг гадныхан хэр их сонирхож байна?
-Зуун хувь. Монголчуудаас хүлээж буй хүлээлт маш өндөр байгаа нь ажиглагдлаа. Хятадууд бол болгоомжилж байна. Учир нь тэд биднийг мөнхийн бэлтгэн нийлүүлэгчээ байлгахыг хүсдэг, бидэнтэй хоолоо хувааж идхийг хүсэхгүй нь ойлгомжтой.
Гэхдээ Хонг Конг, Япон, Солонгос, Итали, Англи, Америкийн хэрэглэгчид Монголоос ноолуураа, бүтээгдэхүүнээ бэлдүүлэх хүсэлтэй байна. Холбоо харилцаа дутмаг байдгийг тэд ярьж байна.
Манайх бэлтгэн нийлүүлэлтийн холбоогоо давхар төлөөлж оролцсоны хувьд анхан шатны бүтээгдэхүүн, утас, эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойгоо хэлхэд тэд зовлонгоо ирж ярьдаг юм байна. Жишээ нь: Итали компани нь ирээд бид Хятадаас авахаар хольчихоод байна, танайх чадах уу. Энэ үнээр тэдэн тонныг нийлүүлэх боломжтой юу, эсвэл Япон, Хонг Конг-д 170 сүлжээ бүтик дэлгүүртэй компани эцсийн бүтээгдэхүүний загвараа өгөн захиалах саналаа өгөх жишээтэй.
Хамгийн гол нь бид чадна. Түүхий эд нь байна, ихэнх үйлдвэрүүд Япон Германы шилдэг тоног төхөөрөмжтэй байна. Гаднаас ирсэн том захиалгыг дизайных нь дагуу нийлүүлэх бүрэн боломжтой. Үүн дээр мэргэжлийн баг гаргаж ажиллахад болохгүй зүйл байхгүй.
Тэгэхээр гадаад зах зээл биднийг хүлээж авхад үргэлж бэлэн байна. Гэтэл бид дотроо бэлэн болоогүй. Бэлэн болох гээд явж буй процесс нь маш удаан байна. Эргэлзэх юмгүй short-cut хийж, гадны зах зээлээс шууд захиалга авах цаг нь болсон байна гэдгийг энд онцолж хэлье.
-Асуудал нь ноос ноолуурын үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүстээ байна гэсэн үг үү. Төр засгаас мөнгөөр сайн дэмжиж байгаа юм байна?
-Манай үйлдвэрүүд энэ тал дээр ажиллах боловсон хүчний дутагдалтай байна. Судалгаа хийхгүй байна, өөрсдийгөө гадаад ертөнцөд суртчилахгүй байна.
Непалийн жишээг хэлье. 90 мянган ямаатай газар гэхэд Засгийн газрын хэмжээнд дэмжээд экспортын маш чухал бүтээгдэхүүн гэж үзсэн. Энэ асуудлыг эрхэлсэн яамных нь сайд тус форумд илтгэл тавьж, форумд оролцож буй компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлж байгаа юм. Форум дуусхад Непал гэдэг улс, тэдний бүтээгдэхүүн хүн бүрийн нүд, чихэнд хоногшин үлдсэн байх жишээний.
Тэгэхээр бид төр засагтайгаа хамтраад салбараа сурталчилах, цаашлаад энэхүү форумын болон дэлхийн ноолуур үйлдвэрлэлийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч нөлөө бүхий оролцогч болох бүрэн боломж байгааг харлаа.
-Засгийн газрын дэмжлэгийн мөнгөний зарцуулалт, үр дүнг нь яаж хянадаг юм бол?
-Шаардлага тавьчихдаг. Энэ жилийн экспортын үзүүлэлтээс хамаарч ирэх жил зээл авах эрх, хэмжээ үүснэ гэдэг ч юм уу. Энэ нь цаашдаа салбарын компаниуд илүү чанаржих таатай нөхцөл бүрдэнэ.
-Ноос ноолуурын салбар шинэ биш. Манай экспортын гол бүтээгдэхүүн. Уул уурхайн салбартай эн зэрэгцэж яригддаг атлаа яагаад өдийг болтол гадны худалдан авагчидтай холбоогүй, цөлөгдчихсөн юм шиг байдалтай байгаад байсан юм бол?
-Манай Монголд үйлдвэрлэл сүүлд хөгжсөнтэй холбоотой. Үйлдвэрлэл орой хөгжсөн учраас өөрсдийнхөө хэмжээнд явж байгаа нь л энэ. Гэтэл энэ нь дэлхийн хурдаас улам л хоцроод байна. Бид шууд short-cut хийх ёстой, алдаа оноогоо энэ явцдаа засаад явах хэрэгтэй. Глобалчлагдсан энэ нийгэмд бид хэзээ ч бэлэн болох боломжгүй тийм хурдтай хувьсаж байна гэсэн үг.
Төр засгийн хувьд мөнгөө өгчихлөө, татвараа чөлөөлчихлөө. Одоо үүнийгээ олон улсад сурталчилахад тэдний оролцоо хэрэгтэй байна. Жишээ нь: Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Сингапурт хөрөнгө оруулалтын чуулганд оролцохдоо Монгол хөрөнгө оруулагчдад ээлтэй болж байгаа гэдэг мессежийг өөрийн биеэр очиж өгсөн.
Яг л энэ жишээгээр Монголын ноолуурыг гадныханд таниулах, боломжуудаа сурталчилах чухал байна.
Гадныхны хувьд Монголтой холбогдох гээд бүр мухардалд орчихсон байдаг юм билээ. Үүнд эхний ээлжинд вэбсайтаа тогтмол шинэчлэн ажилуулах, вэб нээхэд ачаалах цагийг багасгах, мн өргөтгөлийг хурдтай, идэвхтэй ажиллаж буй эсэхийг шалгах, сайжруулах. Мөн гол асуудал E-commerce буюу интэрнет худалдаагаа хөгжүүлэх, банкууд үүнд зориулсан бүтээгдэхүүн яаралтай гаргах шаардлагатай байна.
Мөн банкууд Экспортын LC буюу Letter of Credit-ний үйлчилгээг олон улсын стандартын дагуу үзүүлж эхлэх хэрэгтэй байна.
-Тэгвэл хамгийн түрүүнд ноолуурын салбарт хийх бололцоотой ямар ажил байна. Олон шат дамжсан үйл ажиллагааны дараа л нэгдсэн үр дүнд хүрнэ шүү дээ. Гэхдээ эхний ээлжинд?
-Хамгийн түрүүнд 3-4 компани нэгдээд гадны том захиалгуудыг авах хэрэгтэй. Энэ бол доллар оруулж ирэх хамгийн эхний арга. Яагаад гэвэл бидэнд бүх дэд бүтэц байна. Бүгд нэгдээд 100 мянган ороолтны захиалга авъя л даа. Тэгвэл хамгийн түрүүнд доллар ороод ирнэ. Хийж чадахгүй биш чадна шүү дээ.
-Ноолуурын салбар сайн хөгжсөнөөр Монгол Улсад ямар ач холбогдолтой гэж та боддог вэ?
-Тооцоод үзье л дээ. Жилд 7,000 тонн ноолуур самнадаг. Түүхий ноолуурын нийт үнэ энэ жилийн ханшаар 385 тэрбум төгрөг болж байна. Үүнийг зөвхөн угаагаад экспортод гаргахад 10 хувь нэмэгдэнэ. Тэгэхээр 418 тэрбум төгрөг. Самнаад гаргавал 20 хувь нэмэгдэнэ. Нийтдээ 501.7 тэрбум төгрөг болж байна.
Загварын ертөнц байсан цагт ноолуурын зах зээл оршин байна. Тиймээс уул уурхайгаас илүү эрсдэлгүй, тогтмол хугацаанд, тогтмол мөнгө оруулж ирэх боломж гэж хэлж болно.